Мэндчилгээ

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны үе үеийн гишүүд, дэмжигчид, хамтран ажиллаж, дэмжин тусладаг Та бүхнийг хүндэтгэн мэндчилж байна.
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо нь эгнээндээ шинжлэх ухаан, технологи, боловсролын салбарт ажилладаг, оюунлаг олон зуун гишүүдтэй бөгөөд шинжлэх ухаан, технологийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор нилээдгүй ажлыг санаачлан хийж байна.
Манай холбоо нь шинжлэх ухааны үндсэн чиглэлүүд
                  • Байгалийн ухаан,
                  • Анагаах ухаан,
                  • Геологи Газар зүй,
                  • Биологи-Хөдөө аж ахуй,
                  • Техник технологи,
                  • Нийгмийн ухаан
    зэрэг 6 салбар холбоодтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
    МЗЭХ-ноос санаачлан гурван жил дутамд Монголын Залуу Эрдэмтдийн чуулга уулзалтыг  зохион байгуулдаг бөгөөд уг уулзалтанд шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын төлөөлөл болсон шилдэг залуу эрдэмтэн, судлаачид оролцон улс эх орныхоо хөгжилд түлхэц болохуйц санаачлага, зөвлөмжүүдийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэн, тэдгээртэй хамтран ажиллаж ирлээ. Түүнчлэн “Хүрэлтогоотын эрдэм шинжилгээний бага хурал”-ыг жил бүр салбар бүрээр зохион, залуу эрдэмтдийн бүтээлийн эмхэтгэлийг гаргадаг ба эхний байрт орсон 10 залуу эрдэмтэнд БСШУ-ны сайдын нэрэмжит грантыг олгож, судлаачдад өөрсдийн судалгаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломж олдож байна.
    Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд үндэс суурь нь болсон эрдэм шинжилгээний ажилтнуудын залуу халааг бэлдэх, хөгжүүлэх тал дээр нилээдгүй анхааран ажиллаж байгаа бөгөөд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлаар судалгаа хийдэг, өөрийн судалгааны ажилд сонирхолтой, тухайн чиглэлээрээ тууштай ажиллах залуу судлаачдыг сонгон шалгаруулах, сурталчлах, дэмжих тал дээр анхааран ажиллаж байна.
    Энэхүү цахим хуудсаараа бид өөрсдийн хийсэн, хийхээр төлөвлөж буй үйл ажиллагаа болон залуу эрдэмтэн судлаачдад хүргэх шаардлагатай, тэдний хүсч буй бусад мэдээллийг түгээж байх болно. 
    Монголын бүх залуу эрдэмтэн судлаачдад манай холбооны гишүүнээр элсэх  үүд хаалга үргэлж нээлттэй байх болно
     


    Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны
    Ерөнхийлөгч, Доктор Ч.Сономдагва

    Comments